1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дохиолол холбооны II ангийг Улаанбаатар хотод төвтэйгээр байгуулж гол замын 387 километрээс өмнөд хил хүртэл 728 километр төмөр замын өртөө зөрлөгийн холбоо, дохиоллын байгууламжийг хариуцуулсан.
Тус анги нь 733 километр агаарын шугам, 22 өртөө зөрлөгийн холбоо, дохиоллын байгууламжийг хариуцсан 8 шугамын хэсэг, 7 холбооны байшин, 150-аад ажилтантайгаар анх үйл ажиллагаагаа эхэлж байсан юм. Ангийн харьяалсан өртөө зөрлөгүүдэд галт тэрэгний хөдөлгөөнийг удирдах, аюулгүй байдлыг хангах гол хэрэгсэл нь гар ажиллагаатай сум дохионы харилцан хамааралтай замнал хянах байгууламж, цахилгаан очирын систем байв. Холбооны байшингууд дахь технологийн холбооны төхөөрөмж нь өндөр үелзэллийн нягтруулгын В-3, В-12 аппарат, сонгох холбооны тональ дуудлагын СПД-5, ПС аппаратууд, суурин холбоонд УАТС-49 маркийн алхмын АТС, хэрэглэгчдийг холбох ажиллагаанд М-60 коммутаторыг ашиглаж байжээ.
Улаанбаатар холбоонд тавигдсан 900 номерын алхамын АТС-ыг 1976 онд 2000 номерын координатын АТС-аар сольж өндөр үелзлийн суваг ашиглан алсын дуудлагатай автомат холбоог /ДАТС/ ашиглалтанд оруулсан. Селекторын дуудлагатай байсан ПС-1 маягийн сонгох холбооны аппаратыг тональ дуудлагатай ПСТ-2-60 аппаратаар сольж 1975 онд Наушки–Сүхбаатар-Улаанбаатарын хооронд телеграфын Т63 аппаратыг шинээр суурилуулжээ.
1981 онд Мааньт, 1982 онд Багахангай өртөө, Туул, Цагаан хяр, Баян, Хоолт, Хангай зөрлөг, 1983 онд Сонгино өртөөнд сум дохионы цахилгаан төвлөрүүлэлтийг суурилуулан ашиглалтад өгсөн. Багахангай–Багануурын салаа замыг байнгын ашиглалтад өгсөнтэй холбогдуулж шугамын 5 дугаар хэсэг, Багануур, Багахангайн холбооны байшин байгуулагдав.
1985 оноос Улаанбаатар, Толгойт болон сэлгээний ажил ихтэй томоохон өртөөдөд 71РТС-А24М маягийн илчит тэрэгний радио станц суурилуулсан ба галт тэрэгний найруулагч, холбогч, пүүлэгчдийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор богино долгионы “Днепр”, “Кактус”, “Сирено” болон бусад радио станцыг ашиглаж эхэлсэн. 1986 оны 3 дугаар улирлаас УБТЗ-д анх удаа 2М62М илчит тэрэгний машинчид хоорондоо харилцах боломжтой болж, улмаар 2003 оноос хэт богино долгионы ICOM маркийн станцаар бүрэн шинэчлэгдсэн.
1999 оноос Улаанбаатар болон шугам замын холбоодод SMS600V аппарат, NE-6000 төхөөрөмжийг суурилуулснаар технологийн холбоо тоонд системд шилжиж, SDH нягтруулгатай STM1 түвшинд ажиллах болсон. 2006 онд “Морион” системийг ашиглалтанд оруулж технологийн холбооны найдвартай ажиллагааг дээшлүүлсэн ба Улаанбаатар холбоонд замын хэмжээнд ажиллаж буй “Морион” системийн сүлжээг компьютерийн удирдлагаар хянаж байна.
1996 оноос ангийн хэмжээнд Герман Улсын HICOM маягийн электрон АТС-уудыг суурилуулсан ба 2005 онд БНХАУ-ын нийтийн үйлчилгээний ZXJ10 АТС-ыг Улаанбаатар холбоонд суурилуулснаар төмөр замын 005 гэсэн олон улсын ярианы гарц бий болж улс хоорондын яриа явуулах болсон.
Төмөр замын дагуу ангийн хэмжээнд 1402 метр шилэн кабель тавигдаж өндөр хурдны сүлжээ ашиглалтанд орсон нь олон улсын мэдээллийн холбооны үйлчилгээг эрхлэх, олон улсын төвшинд хүрсэн шинэ техник технологи нэвтрүүлэх боломжийг нээж өгсөн.
Дохиолол холбооны II ангийн дарга Ц.Цэнгэлжаргал