Дохиолол холбооны 1-р анги

Дохиолол холбооны 1-р анги

         УБТЗ-ын харьяа салбар нэгж Дохиолол холбооны I анги нь төмөр замын дохиоллын болон холбоо мэдээллийн тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, суурилуулалт, засвар үйлчилгээг хариуцсан мэргэжлийн байгууллага юм. Эдийн засаг, санхүүгийн хувьд бие даасан үйл ажиллагааг явуулах ба мэргэжлийн удирдлагын хувьд Дохиолол холбооны албаны харьяанд үйл ажиллагааг явуулна.
         Дохиолол холбооны I анги нь Наушки–Улаанбаатар төмөр замын 07-282 километр хүртэлх хэсэг, Салхит–Эрдэнэтийн төмөр замын 01-165 километр хүртэлх хэсэг, Дархан–Шарын голын төмөр замын 01-62 километр хүртэлх хэсгүүд болох 504 километр урттай төмөр замын дохиолол, холбоо, мэдээллийн төхөөрөмж байгууламжуудыг хариуцан ажиллах ба ангийн төв нь Дархан хотод байрлаж байна.
        Өнөөгийн Дохиолол холбооны I анги нь бүтцийн хувьд шугамын 6 хэсэг, 5 холбооны хэсэг, 2 шалган турших тасаг, шугамын засварын хэсэг, захиргаа аж ахуйн хэсэг гэсэн 15 тасаг цехээс бүрдэх ба 207 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
        1990 он хүртэл инженер техникийн ажилтнуудын ихэнх болон удирдах албан тушаалтнууд нь тухайн үеийн ЗХУ-ын мэргэжилтнүүд байсан бол 1990 оноос хойш Монгол инженерүүд тус байгууллагыг удирдан ажиллуулж байна.
        Тус ангийн дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын байгууламжууд нь ихэвчлэн хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэсэн байх ба 1951-1967 онд өртөө, зөрлөгийн хоорондын замын хориглолд цахилгаан очирын систем ашиглаж, суман шилжүүлгүүдийг Мелентьевийн хяналтын цоожоор тоноглон, галт тэргэнд механик ажиллагаатай семафоруудаар дохио өгч байв. 1970 оноос өртөө, зөрлөгүүдийн суман шилжүүлгүүдийг цахилгаан шилжүүлэгчээр, гармуудыг автомат дохиолол ба автошлагбаумаар тоноглож төвлөрүүлэлтэд оруулсан бөгөөд хоорондын замыг хагас автомат хориглолын системээр бүрэн тоноглосон.
        
1985-1990 онд тус ангийн харьяа  Сүхбаатар, Дархан-1, Дархан-2, Эрдэнэт өртөөдийг өргөтгөх, шинээр байгуулагдсан Хөтөл, Улаантолгой, Шаамар зэрэг өртөөдийг нэмж цахилгаан төвлөрүүлэлтэд холбох, 2003-2006 онд 10 гаруй өртөөний замуудыг уртасгаж сумын хоолойг өөрчлөн тоноглох, 2010-2011 онд Баянголын төмөр замыг УБТЗ-ын Ерөө өртөөтэй холбох, үг өртөөг өргөтгөн, цахилгаан төвлөрүүлэлтийн байгууламжийг нь бүрэн шинэчлэх ажлуудыг гүйцэтгэсэн. Түүнчлэн холбоо, мэдээллийн салбарт 1950, 1970, 1980-аад онд технологийн шинэчлэлүүдийг хийсэн ба ЗХУ-д үйлдвэрлэсэн хуучин аналоги системийн төхөөрөмжүүдийг бүрэн халж Герман, Япон, Хятад улсын өндөр хүчин чадалтай тоон системийн тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлсэн.
        1995-1999 онд Дархан, Зүүнхараа, Сүхбаатар, Салхит, Эрдэнэт, Орхонтуул, Хөтөл зэрэг хот, суурин газруудад тоон АТС-ыг ашиглалтад оруулж, тэдгээрийг холбосон тоон дамжуулах систем, шилэн кабелийн сүлжээг байгуулсан юм. 2000 оноос өртөө, зөрлөг бүрд ОХУ-д үйлдвэрлэсэн ТЛС-31 тоон дамжуулах системийг суурилуулан технологийн холбоо, хоорондын замын хориглолын байгууламжийг дамжуулах боллоо.

Дохиолол Холбооны I ангийн дарга Я.Амартайван

Үзсэн: 896
Хэвлэх