Дохиолол холбооны 3-р анги

Дохиолол холбооны 3-р анги

            Дохиолол холбооны III ангийг Замын даргын 1977 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/05 дугаар тушаалаар гол замын 554-р км-ээс (Наран-Элгэн зөрлөг) Монгол Улсын урд хил хүртэл нийт 561 км гол зам, Бор-Өндөр, Зүүнбаянгийн 110 км салаа зам, нийт 671 км төмөр зам бүхий 21 өртөө, зөрлөгийн дохиолол төвлөрүүлэлт хориглол, холбооны байгууламжийг үйлчлүүлэхээр Сайншанд өртөөнд төвтэйгээр байгуулжээ.
            Шинээр байгуулагдсан анги бүтэц, зохион байгуулалтын хувьд удирдах бүрэлдэхүүн, 5 холбооны байшин, 4 шугамын хэсэг, шугамын их засварын бригадаас бүрдсэн 110 ажилтантайгаар ажиллах болжээ. Тус анги шинээр байгуулагдах үед нийт ажилтнуудын 20 орчим хувийг төмөр замын техникум төгссөн техникчид эзэлж байлаа.
            Галт тэргийг өртөөний замд хүлээн авахад механик ажиллагаатай семефор, сумын шилжүүлгүүд мелентьевийн цоожоор тоноглогдож, жижүүрийн байранд МКУ аппарат (замнал хянах байгууламж)-аар удирдах түлхүүр дохионы энгийн хамааралтай байсан юм. Өртөө зөрлөгүүдийн хоорондын замд галт тэрэгний хөдөлгөөнийг түлхүүр очирын тусламжтайгаар удирдан хянаж байв.
            1956 оноос Чойр, Сайншандын холбоонд 400 номерын, Замын-Үүдийн Холбоонд 200 номерын, Айраг, Улаан-Уул, холбоонд 100 номерийн алхамын АТС, хот хоорондын холболтын УАТС-49 коммутатор ашиглагдаж байлаа.
            1984 онд Шивээговь, Олон-Овоо, Цомог, Шивээ-Овоо, Авгын гол, Улаан-Уул, Өргөн өртөө зөрлөгүүд, 1999 онд Замын-Үүд өртөөний дохиолол төвлөрүүлэлт хориглолын байгууламжийг цахилгаан төвлөрүүлэлтэнд шилжүүлэх ажлыг хийснээр ангийн хэмжээнд бүх өртөө зөрлөг уг системд шилжиж бүрэн дуусчээ.
            2000-2003 онд Агьсүмбэт, Нартын хошуу, Цагаан хяд, Алтганы гол, Түшлэг, 2005 онд Шаргын-Овоо, Сумангийн зоо, Номт, Долоодын хөндий, Цомог, Өлзийт зөрлөгүүдийг ДТХ-ын байгууламжаар тоноглож шинээр ашиглалтанд өгөв.
            1985 оноос эхлэн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, сэлгээний ажлыг шуурхай зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай сэлгээний радио холбоог анх суурилуулан, пүүлэгч, найруулагч нарыг хэт богино долгионы “Днепр”, “Транспорт” зэрэг радиостанцаар анх хангаж байжээ. 1986 онд галт тэрэгний радио холбоогоор тоноглож, 2005 онд техникийн шинэчлэл хийгдсэн.
            1987 оноос Чойр, Сайншанд, Улаан-Уул, Замын-Үүд холбоодод координатын АТС-ыг  монтажлан ашиглалтад өглөө. 1995 онд Сайншанд, Чойр холбоодод Герман Улсын “Siemens” корпорацийн HICOM-300 тоон АТС, 2000 онд Замын-Үүд, Улаан-Уул, Айраг холбоонд HICOM маягийн тоон АТС-ууд, 2002 онд Зүүнбаян, Өргөн, Бор-Өндөр, Олон-Овоо, Өлзийт өртөө зөрлөгүүдэд бага багтаамжийн HICOM тоон холбох байгууламжуудыг суурилуулав.
            1999 онд УБТЗ-ын гол шугамд шилэн кабель суурилуулах ажил хийгдэж, тус ангийн 546,6 км газар шилэн кабель тавигдсанаар 2000 оны 7-р сараас төмөр замын холбоонд тоон дамжуулах систем, шилэн кабелийн сүлжээг бүрэн ашиглалтад оруулж, хэрэглэгчдийн шаардлагыг хангасан холбоогоор үйлчилж эхэлсэн юм.
            2001 онд Сайншанд холбоонд өндөр хурдны интернэт сүлжээг анх оруулснаар ангийн хэмжээнд өртөө, зөрлөгүүдэд интернэт үйлчилгээ үзүүлж эхэлсэн.
            2003-2005 онд ангийн хэмжээний холбооны байшин, өртөө зөрлөгүүдэд ОХУ-ын “Морион” системийг шинээр ашиглалтад оруулснаар ган хэлхээгээр явж байсан галт тэрэгний диспетчер, шугам замын, захиран хуваарилах, өртөө хоорондын холбоонуудыг тоон системд шилжүүлж, найдвартай ажиллагааг дээшлүүлсэн.

Дохиолол холбооны III ангийн дарга С.Түмэнбаяр


Хэвлэх   И-мэйл